Wednesday, June 15, 2016

Мэдлэг (Knowledge), чадвар(skill), авьяас чадвар(ability) тэдгээрийн ялгаа

Мэдлэг (Knowledge), чадвар(skill), авьяас чадвар(ability) энэ гурван нэр томъёог хооронд нь хольж ойлгох эсвэл ялгаатай гэдгийг нь мэддэг хэрнээ яг ямар ялгаатай гэдгийг нь нарийн яг таг мэддэг хүн тийм ч олон биш бололтой. Яг үнэндээ энэхүү постыг бичих хүртлээ би өөрөө ч энэ 3 үгний утгыг тойм байдлаар л мэдэж байснаас яг нарийн мэдэхгүй байсан байна.

Мэдээж үгний утгын ялгааг гаргаж ирэх гэж байгаа учраас үгийн язгуур эсвэл толь бичгээс үгийн утгыг нь хайх нь зүйтэй болов уу?

Мэдлэг: Энэ үгийг толь бичгүүдэд дараах байдлаар тайлбарлажээ.

Монгол хэлний их тайлбар толь 

  • Танин мэдэх үйл ажиллагааны үр дүнд тодорхой мэргэжлээр сурч боловсрол эзэмшсэн түвшин, мэдэц
Харин Англи хэлэнд Knowledge хэмээх үгийг дараах байдлаар тайлбарласан байна. 



  • Боловсрол эсвэл туршлагаар олж авсан мэдээлэл, ойлголт эсвэл чадвар /information, understanding, or skill that you get from experience or education/
  • Аливаа зүйлийн талаарх ойлголт, өөрөөр хэлбэл тухайн зүйлийг мэддэг байх /awareness of something : the state of being aware of something/

  • Аливаа зүйлийн талаар олж авсан онолын, практикын ойлголт. Өөрөөр хэлбэл энэ нь туршлага эсвэл боловсролоор олж авсан факт, баримт, мэдээлэл юм. (Facts, information, and skills acquired through experience or education; the theoretical or practical understanding of a subject) 
Эдгээрээс харвал мэдлэг гэдэг нь хүний мэдрэхүй болох Унших, Үзэх, Сонсох, Хүрэх гэх мэт мэдрэхүй, хүртэхүйгээр дамжиж ирж буй эмхэлтж цэгцэнд оруулж ангилсан мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл мэдлэг гэдэг нь үнэн зөв мэдээлэлтэй байх, онолын ойлголттой байхыг хэлнэ. Мэдлэг нь нэг хүнээс нөгөөд хялбархан дамжуулагдаж болно эсвэл түүнийг өөрөө ажиглах, харах байдлаар сурсан ч болно. 

Чадвар: 
Монгол хэлний их тайлбар толь
  • Юм хийх ур дүй: ажлын чадвар (тухайн ажлыг хийх эв дүй), чадвар дадал [хоршоо] (аливаа юмыг хийж бүтээх авьяас эрдэм, дадлага туршлага)
  • Ямар нэгэн зүйлийг хийж чаддаг байх чадвар бөгөөд энэхүү чадвар нь сургалт, туршлага зэрэг эх сурвалжаас үүдэлтэй байдаг (the ability to do something that comes from training, experience, or practice)

  • Аливаа зүйлийг сайн хийж чаддаг байх чадвар (The ability to do something well; expertise) 


Чадвар нь харин өөрийн мэдлэгийг шаардлагатай нөхцөлд нь ашиглаж чаддаг байх талаар ойлголт юм. Чадвар нь хичээл зүтгэл, дахин дахин оролдсоны хүчин буюу өөрийн мэдрэхүй, хүртэхүйгээрээ мэдээллийг хүлээн авч түүнийхээ хариуд ямар нэгэн үйлдэл хийх замаар хуримтлагддаг. Жишээлбэл: Усанд сэлж сурахын тулд заавал ус руу орж өөрөө туршиж хийж үзэж байж л сурах боломжтой. Тухайн зүйлийг маш сайн хийж сурахын тулд олон дахин удаа давтаж хийж үзэх хэрэгтэй бөгөөд ингэхдээ алдаа гаргах нь байдаг л үзэгдэл юм. 

Авьяас чадвар:



  • төрөлхийн онцгой чадвар




  • Аливаа зүйлийг хийх биеийн хүчний, оюуны эсвэл хууль эрх зүйн чадавхи (the quality or state of being able <ability of soil to hold water>; especially :  physical, mental, or legal power to perform). Эсвэл байгалаас заяасан чадавхи (өөр өөр чадвартай оюутнууд) (natural aptitude or acquired proficiency <students with different abilities>)


  • Тодорхой салбар дахь авьяас, чадвар эсвэл чадавхи. (Talent, skill, or proficiency in a particular area)

Авьяас чадвар бол тухайн хүн аливаа шинэ зүйлийг хэр хурдан сурч байна вэ? хэр хурдан ойлгож байна вэ гэдэгтэй хамааралтай асуудал. Толь бичгүүдэд дурдахдаа энэ бол төрөлхийн авьяас билэгтэй холбоотой хэмээн бичсэн байна. 


    За тэгэхээр мэдлэг гэдэг бол аливаа талаарх системтэй, үнэн зөв мэдээлэл болж байна гэсэн үг. Мэдлэгтэй хүн аливаа зүйлийн хаана нь юу байдаг, юуг нь яаж хийдэг болохыг зөвхөн мэддэг гэсэн үг. Эдгээр зүйлсийг мэддэг байх нь жишээлбэл дугуйн эд ангийг бүгдийг нь мэддэг эсвэл усанд сэлэх арга зүйг мэддэг байлаа гээд энэ нь тухайн хүнийг дугуй унаж чаддаг эсвэл усанд сэлж чаддаг гэдгийг илтгэхгүй. Дугуй унаж сурахын тулд эсвэл усаэд сэлэхийн тулд заавал өөрөө хийж үзэж, алдаж онож, дахин дахин оролдож байж л сая нэг дугуй унах эсвэл усанд сэлэх чадвартай болно гэсэн үг. 
Мэдээж бодит чадвартай болохын тулд өмнө нь тухайн зүйлийн талаар системтэй, үнэн зөв мэдлэгтэй байвал тухайн зүйлийг хийж чадвартай болоход маш дөхөм болох бөгөөд түүнээс гадна тухайн зүйлийг хийж дадах чадвартай болоход гарах эрсдэлийг маш ихээр багасгадаг юм. Өөрөөр хэлбэл усанд сэлэх арга зүйг заалгаад ус руу сэлэх гээд орж байгаа хүн юу ч мэдэхгүй шууд ус руу орж байгаа хүнээс хамаагүй хурдан усанд сэлж сурна гэсэн үг. Мөн арга зүйг эсвэл живэх үед юу хийх ёстойг заалгаад ус руу орж байгаа хүн юу ч мэдэхгүй шууд орж байгаа хүнийг бодвол живж усанд эндэх магадлал багатай байх нь ойлгомжтой юм.

Эндээс үүдээд авьяас чадвар буюу ability гэсэн ойлголт бий гарч ирж байгаа юм. Ер нь бол хүмүүс байгалаасаа өгөгдсөн авьяас нь өөр хоорондоо ялгаатай. ГЭХДЭЭ энэ нь яг ч зуун хувь байгалийн өгөгдөлөөс хамаардаг ойлголт бас биш юм. Яагаад гэж гайхаж байж магадгүй юм. Неврологи буюу neuroscience-ийн (энэ салбар шинжлэх ухаан нь хүний тархины мэдрэлийн эсүүд буюу нервийн системийг судалдаг) судалж гаргаснаар та бидний тархи аливаа шинэ мэдээллийг боловсруулахдаа хэрвээ тухайн мэдээлэл нь бидний өмнө мэддэг эсвэл сайн хийж чаддаг зүйлтэй төстэй байвал тухайн шинэ зүйлийг илүү хурдан ойлгож, илүү хурдан сурдаг болохыг тогтоосон байдаг. Жишээлбэл. Англи-Саксон гаралтай хэлүүдээс та аль нэгийг нь мэддэг байхад нөгөөг нь сурахад хялбар байх болно. Англи хэлээр төгс төгөлдөр гэдэг үгийг perfect гэж бичдэг бол Герман хэлээр Perfekt гэж бичээд бараг адилхан уншдаг байх жишээтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ таны суурь мэдлэг, өмнөх туршлага маш өргөн хүрээний эсвэл сайн мэдлэгтэй бол дараа нь дахиад шинээр мэдлэг олж авах чадвартай болоход улам хялбархан болдог гэсэн санаа юм.  Тийм ч учраас Японы нэгэн эрдэмтэн аливаа хүний амжилтанд хүрэх томьёог тодорхойлохдоо Хандлага*ХичээлЗүтгэл*Авьяас = Амжилт хэмээн тодорхойлсон байдаг. 

Ер нь дээр дурдсан санаагаа товчлоод хэлэхэд Мэдлэг гэдэг бол аливаа зүйлийн талаарх системтэй үнэн зөв мэдээлэл. Чадвар бол аливаа хийж чаддаг байх тухай асуудал. Харин Авьяас чадвар нь аливаа зүйлсийг хурдан сурах, мэдэх боломж бололцоо юм. Бидний эцсийн зорилго бол мэдээж сайн мэдлэгтэй бас чадвартай байх. Ер нь бол орчин үед хамгийн чухал нь хийж чаддаг байх. Яагаад гэвэл гудамжаар дүүрэн мэддэг хүмүүс байгаа учраас чаддаг нь илүү үнэлэгдэх болсон байна. Тэгэхээр Чадварлаг болохын тулд системтэй маш сайн мэдлэгтэй байхын зэрэгцээ давхар оролдож үзэж өөрийн гараар хийж байж л сурна. Бидэнд байгалаас өгсөн өгөгдөл өөр өөр учраас зарим нь би бусдаас авьяас чадварын хувьд дутуу тиймээс би хийж чадахгүй гэж боддог. Тэгвэл энэ ухагдахууны хувьд авьяас чадвар гэсэн ойлголт буюу аливаа зүйлийг хурдан сурах чадавхийн асуудал яригдана. Гэхдээ хэрвээ таны шинээр сурч байгаа зүйл өмнө нь сурч байсан зүйлтэй чинь төстэй бол заавал байгалаас өгөгдсөн чадвар гэлгүйгээр та тухайн зүйлийг сурахад хялбархан байх болно. Жишээлбэл хэрвээ та мэлхий сэлэлтээр сэлж чаддаг бол дельфин сэлэлтээр сэлж сурахад танд тийм ч их хугацаа орохгүй харин ерөөсөө сэлж чадахгүй хүн шууд дельфин сэлэлт сурах гэж оролдвол магадгүй мэлхий сэлэлтээр сэлдэг хүнээс 2 дахин илүү хүч чармайлт гаргаж байж сурах магадлалтай юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр аливаа шинэ зүйлийг шинээр хийж эхлэх үедээ та хийж чадахгүй юм шиг эсвэл бусад хүмүүс тухайн зүйлийг танаас илүү хийж чадаад байгаа юм шиг санагдаж байж магадгүй. 

Хэрвээ өөр хүн тухайн зүйлийг танаас илүү хийж чадаад байгаа бол энэ хүн танаас илүү авьяас чадвар буюу аливаа зүйлийг хурдан сурах чадавхитай байна гэсэн үг. Ийм байх боломж 2 л байх бөгөөд нэг  нь тухайн хүн индиго буюу байгалаас маш чадварлаг төрсөн (гэхдээ ийм байх магадлал тун бага нийт хүн амын 2-3 хувь нь л ийм байдаг) эсвэл тухайн хүн өмнө нь маш их зүйл уншиж судалсан, хийж туршиж үзсэн өөрөөр хэлбэл шинээр сурч буй зүйл нь өмнөх хийж байсан туршлагатай нь төстэй учраас танаас илүү хялбархан сурч байна гэж ойлгох хэрэгтэй. 

Тиймээс ер нь бол шантармаар санагдаад байвал Practice makes perfect гэдэг үгийг амандаа 21 удаа уншаад араас нь хийж байгаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа залуу хүмүүс тасралтгүй юм уншиж судалж, шинэ зүйлийг айхгүйгээр туршиж үзэж байхад буруудах зүйл байхгүй мэт санагддаг. 


0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home