Thursday, July 30, 2015

Компьютерийн сүлжээг хэрхэн зохион байгуулах вэ?

Өмнөх постонд дурдсанчлан хүн өөрийн биеэр хийж үзсэн зүйлээ л 90 хүртэлх хувиар буюу хамгийн ихээр ойлгож таньж мэддэг гэдэг судалгааны үр дүнтэй би санал нэгтэй байдаг. Учир нь би өөрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд аль болох их зүйл уншихыг илүүд үздэг боловч тэр бүр өөрийн уншсанаа бүрэн утгаар нь ойлгоогүй байдаг юм. 

Мэдээж хүний тухайн зүйлсийн талаар тайлбарлаж бичсэн зүйлийг уншаад тухайн зохиолчийн мэдэрсэн мэдрэмжээр л тухайн зүйлийг ойлгох байх. Тийм ч учраас хэрэв би өөрсдөө хийж түүнийгээ бусдад тайлбарлаж өгвөл илүү ихээр ойлгож ухаарна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн постоор мэдээллийн технологийг сонирхдог, энэ чиглэлээр туршилт хийж үзэх сонирхолтой хэсэг хүмүүст зориулан сүлжээг хэрхэн зохион байгуулах талаар постыг оруулж байна. Дараа дараагийн постоор энд бичигдсэн зүйлсүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэн /Виндовс Сервер 2012/ - өөрийн гэсэн сүлжээг зохион байгуулж, тохируулалтыг хийх юм. 
Сүлжээ, систем түүний ажиллагааны талаар сонирхож байгаа бол эдгээр постуудаас өөртөө хэрэгтэй мэдээллийн бага ч гэсэн хэсгийг олж авна гэдэгт тань итгэлтэй байна. 

Тусгай сүлжээг үүсгэх нь МТ-ийн чиглэлээр сертификат авах гэж байгаа, хүмүүст эсвэл жижиг хэмжээний компьютерийн сүлжээ зохион байгуулах шаардлагатай байгаа хүмүүст хэрэгтэй юм. Ингэж өөрийн гэсэн сүлжээг байгуулахын хамгийн гол давуу тал нь өөрийн сүлжээг бусад сүлжээнээс тусгаарлах юм. 

Сүлжээ зохион байгуулахад хэрэг болох зүйлс: 
  1. Рүтэр - router
  2. Свитч - switch 
  3. Сервер - Server /энгийн компьютер эсвэл виртуалаар үүсгэсэн машин байх боломжтой/
  4. Клиент /хост/- Client or host /энгийн компьютер эсвэл виртуалаар үүсгэсэн машин байх боломжтой/
  5. Интернэт холболт. 
Ийнхүү холболтыг үүсгэн өөрийн сүлжээг зохион байгуулснаар бид гэрийнхээ, эсвэл сургуулийнхаа эсвэл ажлынхаа сүлжээг өөрийн зохион байгуулсан сүлжээнээс тусгаарлаж байна гэсэн үг юм. Энэ нь бидэнд бусад системийн тохиргооноос хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ систем болон сүлжээг тохируулж, түүнийгээ хэрхэн ажиллаж байгааг ажиглах боломжтой болох юм. Ингэснээр бусад сүлжээнд байгаа компьютерүүд таны сүлжээнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй эсвэл таны сүлжээ бусад сүлжээнд нөлөө үзүүлэн хэвийн ажиллагааг нь алдагдуулахгүй юм. Ийм байдлаар бодит хэрэглэгдэж байгаа сүлжээг унагах аюулгүйгээр туршилт хийх боломжтой болох юм. Миний хувьд эхний ээлжинд Виндовс серверийн орчинд тохиргоог хийх талаар авч үзнэ. /Сүлжээний төхөөрөмжийн тохиргооны талаар энэ цуврал постонд дурдахгүй. Жич: Виндовс серверийн орчинд сүлжээ зохион байгуулахдаа DNS, DHCP сервисүүдийг виндовс серверээс тохируулах нь зүйтэй бөгөөд хэрэв таны сүлжээний төхөөрөмж (Switch, Router) дээр энэхүү тохиргоо хийгдсэн байвал Виндовс сервер түүнийг автоматаар унтраах эсвэл системийн DNS, DHCP сервисүүд  давхардаж ажилласны улмаас буруу ажиллах эсвэл аль аль нь ажиллахгүй болох магадлалтай./

За ингээд бидний тохируулах гэж буй сүлжээний ерөнхий топологи /диаграм/-ийг харцгаая. 
Энэхүү зурган дээр үзүүлсний дагуу - Манайд интернэт өгч байгаа ISP компани нь юнивишн компани түүнээс ирэх рүтэр-ээс гэрийн свитч холбогдож байна. 
Гэрийн интернэтийн хэрэгцээнд холбоотой байгаа свитчээс манай гэрийн компьютерүүд болон ухаалаг утас холбоотой байна. 
Харин миний зохион байгуулах гэж буй сүлжээндээ би жижигхэн гэрийн хэрэгцээний рүтэр - ийг агинлах бөгөөд түүнээсээ туршилтын сервер, компьютерүүдээ холбох юм. 

Дээрх зурагт улаанаар үзүүлсэн тоог IP хаяг гэж нэрлэдэг бөгөөд энэ нь интернэт сүлжээнд төхөөрөмжийг хаягладаг арга юм. Яагаад улаанаат тэмдэглэсэн бэ гэвэл энэ нь энэхүү хаяглалтыг ашиглан 2 сүлжээг тусгаарладаг учраас тухайн рүтэрийн гадаад болон дотоод хаягууд нь хоорондоо адилхан сүлжээнийх байж болохгүй юм. 

Нэр томьёоны тайлбар: 

Сүлжээний суурь мэдлэг болох төхөөрөмжүүд болон хаяглалтын талаарх нэр томьёог энд дурдах нь хэтэрхий цаг авсан нуршуу болох учраас энд хэрэглэгдсэн нэр томьёоны тайлбаруудыг л дор орууллаа. Гэсэн хэдий ч хэрэв та сүлжээний болон системийн талаар мэдлэгтэй болохыг хүсч байвал дээрх зүйлс ямар учиртай болохыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай учраас миний дор өгөх унших материалуудаас дэлгэрүүлэн уншихыг зөвлөж байна. 
IP address (IP хаяг): Интернэт протоколыг ашиглан сүлжээнд холбогдож буй бүх төхөөрөмжүүдийг хаягладаг тоон хаяглалт юм. IP хаяглалт тухайн төхөөрөмж хаана байгааг заадаг бөгөөд сүлжээний төхөөрөмжүүд түүнд хэрхэн хүрэхийг мэдэж байдаг учраас бидний төхөөрөмжүүд хоорондоо холбогддог. Өөрөөр хэлбэл энэхүү хаягийг ашиглан бид интернэтэд байгаа төхөөрөмжийг олох түүнтэй холбогдох боломжтой гэсэн үг. IPv4 мөн IPv6 гэсэн 2 хувилбартай бөгөөд IPv4 нь өнөөгийн бидний өргөн хэрэглэж буй 32 битийн урттай хаяглалт юм. Харин IPv6 нь 128 битийн урттай. Энэ 2 хаяглалтын гол ялгаа нь хэр олон төхөөрөмжийг хаяглах чадвартай вэ гэдгээрээ ялгагдана. 

DNS (Домэйн нэрийн систем): Домэйн нэрийн систем нь интернэтэд холбогдсон байгаа компьютер, сервис зэрэгт зориулсан нэрийн шаталсан түгээлтийн систем юм. Ихэвчлэн хүн амархан санах боломжтой домэйний нэрийг тоон IP хаяг руу хөрвүүлдэг. 


DHCP (Динамик хост тохируулах протокол): IP хаяг гэх мэт сүлжээний тохиргооны параметрүүдийг динамик хэлбэрээр тараах зориулалттай. 

Хэтэрхий нуршуу пост болчих шиг боллоо. Хэрэв ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байвал эсвэл миний бие ямар нэгэн зүйлийг буруу бичсэн байвал коммент үлдээгээрэй 

Ашигласан материал: 

Labels:

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home