Thursday, July 30, 2015

Windows Server 2012


Windows Server 2012 Танилцуулга

Өмнө нь дурдаж байсны дагуу энэ удаад Windows Server 2012 үйлдлийн системийн танилцуулгыг оруулж байна. Энэхүү постоороо Windows Server 2012 үйлдлийн систем нь өмнөх хувилбаруудаасаа юугаараа илүү мөн хэрэглэгчдэг ямар ямар шинэ боломжуудыг олгож байгааг тайлбарлана. Мөн Windows server үйлдлийн системийг тайлбарлахад цаг хугацаа, мөн цаас их орох бөгөөд би өөрөө ч сайн мэдэхгүй сурагч учраас зөвхөн өргөн хэрэглэгддэг сервисүүдийг тайлбарлаж байгааг минь ойлгож хүлээн аваарай.

/Жич энд зөвхөн энгийн суурь ойлголтыг өгөх бөгөөд аль болох энгийн хэрэглэгчдэд ойлгомжтойгоор бичих гэж хичээж байгаа болно. Хэрэв ямар нэгэн ойлгомжгүй зүйл гарвал асуугаарай. Мэдэж байвал хариулахдаа таатай байх болно./
Windows 2012 сервер: энэхүү сервер үйлдлийн систем нь товчхондоо Windows Server 2008 үйлдлийн системийн дараагийн загвар болон Microsoft компаниас хөгжүүлсэн сервер үйлдлийн системийн шийдэл юм. Өмнөх загвараас ялгагдах томоохон ялгаа нь хамгийн эхэнд хэрэглэгчтэй харьцах програмын интерфэйс (хэрэглэгчдийн дэлгэцэн дээр харах хэсэг) өөрчлөгдсөн юм. Энэ нь өмнөх хувилбарыг хэрэглээд сурчихсан хэрэглэгчдэд төвөгтэй, толгой эргүүлмээр санагдах хэдий ч 2012 систем нь илүү бат бөх, хүчирхэг болсноос гадна гүйцэтгэх функцүүдийн хувьд илүү сайн болсон юм. 
Виндовс сервер 2012 үйлдлийн системийн хэрэглэгчийн интерфэйс нь бага зэрэг эргэлзээ төрүүлэхээр болсон хэдий ч түүний хайлтын механизм нь маш сайн ажиллагаатай болсон. Хэрэв та яг ямар зүйлд хандах хэрэгтэйгээ мэдэж байвал хайлтын хэсгээр дамжуулан хайснаар маш хурдан тухайн зүйлээ олох, тохируулах боломжтой. 

Байгууллагын хэмжээнд Виндовс 2012 Серверийг суурилуулахын тулд та үндсэн сервер програмын лиценз болон клиент хандах лиценз /CAL - Client Access License/ -гэсэн 2 зүйлд мөнгө төлөх шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн байнга хэрэглэх үед үүнийг төлнө гэсэн үг. Туршилтын байдлаар хэрэглэхэд Microsoft компаниас 180 хоногийн үнэгүй туршиж үзэх эрхийг олгодог бөгөөд энэ хугацаанд үйлдлийн систем маань бүрэн чадлаараа ажилладаг. 

(Манайхны хувьд бол ихэвчлэн лицензийг нь эвдэх буюу хакердаж хэрэглэдэг. Гэхдээ ингэж хакердаж хэрэглэснээр бид системийн дараагийн нөхөөс /patch/, шинэчлэл /update/ зэргийг хийхэд хүндрэл тулгардаг учраас байгууллага дээрээ хэрэглэх гэж байгаа бол лицензийг нь худалдаж ават талаар бодож үзэхийг зөвлөж байна.)
Системийг суулгахад бэлдэх шаардлагатай зүйлс: 
  1. Үйлдлийн системийн image file /iso эсвэл VHD/ (энэхүү линкээс 180 хоногийн триал хувилбарыг нь татаж авч болно. Татаж авахын тулд заавал Microsoft ID үүсгэж log in хийж орохыг шаарддагыг анхаарна уу. )
  2. Техник хангамжийн минимум шаардлага: 
    • RAM - 4GB
    • HDD - 160 GB, Систем партишн хамгийн багадаа 60 GB.
    • 1.4 GHz 64 bit single core CPU эсвэл 1,3 GHz 64 bit multi core CPU. 
Windows server 2012 системийг суулгах эсвэл 2008 хувилбараас 2012 хувилбар луу шилжих үедээ анхаарах ёстой зүйлс: 

  • Хэрэв серверийн зориулалтын бус компьютер (хуучин компьютер, лаптоп гэх мэт) дээр суулгаж байгаа бол системийн драйвер (driver) - ууд нь ихэвчлэн ерөнхий (generic) байдлаар таних бөгөөд ингэснээр зарим компьютер дээр видео картны драйвер нь танихгүй байх магадлалтай. Энэ нь таны компьютерийн нягтрал нь муу байх магадлалтай гэсэн үг. (Гэсэн хэдий ч энэ нь серверийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө байхгүй.)
  • Зөвхөн 64 битийн хувилбар л бий. Хэрэв таны компьютерийн процессор 64 битийг дэмждэггүй (хэтэрхий хуучин) бол Виндовс сервер 2012 суух боломжгүй гэсэн үг. 
    • Таны CPU 64 битийг дэмждэг эсэхийг үзэхийн тулд Start button->Control Panel->Performance Information and Toolsийг сонгох бөгөөд дараа нь  View and print detailsдарж System хэсгээс нь  64-bit capableгэж байгаа эсэхийг нь харна. Хэрэв энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу. 

  • Таны сервер дээр ажиллах ёстой програм 32 битийнх бол эсвэл өмнө нь ашиглаж байсан серверээс виндовс 2012 луу шилжих явцад (жишээлбэл Виндовс сервер 2008 - аас 2012 луу шилжих) таны өмнө нь хэрэглэж байсан програм 32 битийнх бол энэ хувилбар луу шилжүүлэхэд 64 бит дээр 32 битийн emulator ажиллах бөгөөд түүн дээрээ 32 битийн програмуудыг ажиллуулдаг. Тиймээс 32 битийн програмууд бүрэн чадлаараа ажиллахгүй байх эсвэл бүр тэр чигтээ ажиллахгүй байх магадлалтай. 
Виндовс сервер 2012 нь 4 төрлийн хувилбартай: Та виндовс сервер 2012 - ийг суулгах явцдаа энэхүү 4 төрлөөс аль нэгийг нь сонгох шаардлагатай болох бөгөөд тухайн хувилбараасаа шалтгаалаад лицензийн үнэ нь ялгаатай байдаг. Эдгээрийн хамгийн том ялгааг дор товчхон дурдлаа  

  1. Data center - Ерөнхийдөө маш их хэмжээний өгөгдлийг зохицуулахад буюу өгөгдлийн төвүүд (datacenter)-д зориулагдсан. Мөн түүнчлэн Виндовсын виртуалчлал болох Hyper-V-гийн хостыг тоон дээр хязгааргүй хэмжээний виртуалчлалыг хийх боломжтой. 
  2. Standard - Hyper-V виртуалчлал дээр зарим талаар хязгаарлалттай хэдий ч хэрэглэгч үүсгэх, мөн холбогдох төхөөрөмжүүдийн тоог хязгаарладаггүй. Ихэнх байгууллагуудын хэрэгцээнд хангалттай хэмжээний хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл виртуалчлалыг эс тооцвол ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
  3. Essentials - хамгийн ихдээ 25 хэрэглэгч,  төхөөрөмж холбох боломжтой. 
  4. Foundation - хамгийн ихдээ  хэрэглэгч холбох хүчин чадалтай. 
/Бид туршилтандаа Standard хувилбарыг ашиглана./
Сервер програмын хэрэглэгчийн интерфэйс нь core (power shell), GUI (graphic user interface) гэсэн 2 төрөлтэй.
Core (power shell) - нь текстэн горим бөгөөд Линукс, Юниксийн текст горимтой төстэй. Хэрэв яг юуг power shell-ийг ашиглан хийх, ямар коммандаа гарцаагүй сайн мэдэж байгаа expert бол энэ горимоор ажиллах нь арай илүү хурдан, мөн хялбархан байдаг. Харин та текст горимын эксперт биш бол GUI буюу график хэрэглэгчийн горимыг сонгох нь зүйтэй юм. 

GUI - нь хэрэглэгчдэд програмыг дүрсээр үзүүлдэг. Виндовс серверийн график хэрэглэгчийн интерфэйс нь ерөнхийдөө Виндовс 8 үйлдлийн системийн график интерфэйстэй төстэй. 

Виндовс Сервер 2012 үйлдлийн системийн өмнөх загвараасаа ялгарах онцлог давуу талууд: 
  • Self-healing NTFS: Энэ нь хатуу дискэн дээр байгаа файлуудыг тогтмол шалгаж таны файл эвдрээгүй эсэхийг баталгаажуулан шалгадаг. Их хэмжээний өгөгдөлтэй ажиллахад өгөгдөл эвдрэх тохиолдол элбэг байдаг. Өмнөх хувилбаруудад хэрэв өгөгдөл эвдэрсэн бол серверийг сүлжээнээс салгаж оффлайн горимд өгөгдлийн алдааг хайж засах процесс хийгддэг байсан бол одоо илүү хялбар хийгдэх болсон байна. 
  • Илүү хурдан SMB 3.0: Энэ нь мессэж блок протокол бөгөөд үүнийг ашиглан Виндовсын орчинд сүлжээн дээгүүр Copy, Paste, Delete гэсэн үйлдлүүдийг хийдэг. 3.0 хэмээх энэхүү шинэ хувилбар нь анх Виндовс ХР дээр гарч танилцуулагдаж байсан SMB 1.0 хувилбарын хуулах хурднаас 10-30 дахин хурдан болсон. Гэвч энэ SMB 3.0 хувилбар нь зөвхөн Виндовс 2008 болон Виндовс 2012 үйлдлийн системүүд дээр л дэмжигддэг. Виндовс 7 үйлдлийн систем SMB 2.1 хувилбарыг ашигладаг. 
  • Өгөгдлийн давхардлаас зайлсхийх (Data deduplication): Яг ижилхэн 2 болон түүнээс дээш өгөгдлийн сервер дээр өөр өөр хэрэглэгчид хадгалахыг хүсэн үед сервер автоматаар өгөгдал дээр боловсруулалт хийж ижил өгөгдлийг давхардуулан хуулахгүй байх арга юм. Жишээлбэл itunes-ийн сандаа тус бүр 200 дуутай 2 хэрэглэгч байсан бөгөөд тэдний 150 дуу нь хоорондоо яг ижилхэн байсан гэж үзье. Тэгээд тэр 2 сервер лүү itunes library-гаа хуулсан гэвэл сервер яг ижил 150 дууг 2 удаа хуулахын оронд 1 удаа хуулж түүнийг холбох линкийг нь 2 хувилж гаргаж өгдөг. Ингэснээр 2 хэрэглэгчид тухайн өгөгдөл 2 байгаа мэт сэтгэгдэл төрөх хэдий ч үнэн хэрэгтээ сервер дээр ганцхан хуулбарыг л хадгалж байдаг гэсэн үг. 
  • Storage Space Implementation: Энэ нь RAID хадгалалтын тохиргоо шиг аргаар өөрийн сүлжээг өгөгдөл хадгалалтын сүлжээ болгон ашиглах боломжийг олгодог /SAN - Storage Area Network/. Олон хатуу дискийг нэг логик диск болгон хувиргадагтай ижил байдлаар өөр физик сервер дээр байгаа хатуу дискүүдийг ашиглан хадгалалтын төхөөрөмжийн хэмжээг ихэсгэх боломжийг олгодог. Мөн түүнчлэн бусад физик серверүүдийг нөөц байдлаар тохируулах боломжтой болгодог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та 5 физик сервертэй бөгөөд тэдгээр дээрээ Storage Space-ийг тохируулсан мөн Redundancy тохируулсан бол таны серверүүдийн аль нэг нь унасан тохиолдолд та ямар нэгэн өгөгддийн алдагдал хүлээхгүй юм. Магадгүй таны сервер дахин засагдахгүйгээр эвдэрсэн тохиолдолд та ямарч өгөгдлийн алдагдалд ороогүй учир шинэ сервер худалдан аваад суурилуулан redo Storage Space-ийг уншуулснаар өөрийн системийг буцаан хэвийн болгох боломжтой юм. 
  • Hyper-V виртуалчлал дээр олон нэмэлт функцүүд нэмэгдсэн. 
  • Offline Domain Join: Энэ нь оффлайн байгаа үед хостыг домайнд холбох арга юм. Ингэхийн тулд сервер дээр хэрэглэгчийг нэмээд түүнийгээ USB stick ашиглаг офлайн байгаа компьютерт аваачин жижиг програм /routine/ уншуулснаар тухайн оффлайн байгаа компьютерийг домайнд холбодог.

Нэр томьёоны тайлбар: 

Клиент: Сервер компьютерийн системд холбогдон үйлчилгээ хүлээн авч буй хэрэглэгчийн компьютер. 

Service /сервис/: Сервис гэдэг нь Сервер болон клиент дээр ямар нэгэн програмтай хамт автоматаар хамт ажиллаж эхэлдэг эсвэл систем асах үед автоматаар ажилж эхэлдэг програм юм. Энэхүү програм нь үйлдлийн системийн гүйцэтгэх ёстой төрөл бүрийн үйлдлийг дэмжиж ажилладаг. Жишээлбэл: Таны ажлын компьютерт нэр нууц үг олгож түүгээрээ дамжуулан сүлжээнд холбох боломжийг олгож байгаа AD (Active Directory), DC(Domain Controller) зэрэг програмууд нь сервер дээр харгалзах сервисийг ажиллуулснаар таныг холбох боломжоор хангадаг гэсэн үг. 

Virtualization: Виндовс сервер үйлдлийн систем дээр дахин өөр виндовс серверийг виртуалаар ажиллуулах арга. Өөрөөр хэлбэл 1 техник хангамж дээр олон серверийг зэрэг ажиллуулах боломжтой болно. 

Core (power shell): Виндовс сервер үйлдлийн системийн хэрэглэгчтэй холбогдох текстэн интерфэйс 

GUI: График хэрэглэгчийн интерфэйс. 

Эх сурвалж: 

Labels:

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home