Friday, July 31, 2015

Атом ба Элемент (Atoms and Elements)

Элемент гэж юу вэ? 
Бидний мэдэх эд зүйлс, материуд юунаас бүтдэг вэ? 
Үүнийг ойлгохын тулд хүмүүс хэдэн мянган жил эд зүйлсийг судалсаар ирсэн. Ийнхүү сониуч зандаа хөтлөгдөн хүрээлэн буй орчныхоо эд зүйлсийг судлах явцдаа хүмүүс өөр өөр шинж чанарыг агуулсан бодисууд байдаг болохыг илрүүлсэн байна. 

Эдгээр бодисууд нь тус бүрдээ өөр өөрийн онцлогийг харуулсан шинж чанартай байдаг. Жишээлбэл гэрэл ойлгодог бодис, гэрлийг ойлгодоггүй бодис, ямар нэгэн тодорхой өнгөтэй бодис эсвэл тодорхой температурт хүрэхээрээ шингэн төлөв, хийн төлөв эсвэл хатуу төлөвт шилждэг бодисууд гэх мэт байдаг. 

Эдгээрээс гадна хүмүүсийн ажиглалтынхаа үр дүнд эдгээр бодисууд тодорхой нөхцөлд өөр хоорондоо харилцан үйлчлэлд ордог болохыг нь мөн илрүүлсэн. Доорх зурагт таны өдөр тутамдаа хардаг зарим элементүүдийг харууллаа. 

  1. Нүүрстөрөгч  - Carbon
  2. Алт - Gold 
  3. Хар тугалга - Lead
Дээрх зурагт эдгээр элементүүдийн хатуу /solid/ төлвийг үзүүлсэн байна. Гэвч хэрэв бид энэхүү элементүүдийг хангалттай их температурт хүргэвэл Нүүрстөрөгчийг шатаавал хийн төлөвт орно, харин алт, хар тугалга 2-ийг халаавал шингэн төлөвт орно.

Бидний өдөр тутамдаа харж буй агаар нь агаарын шинж чанараасаа хамаараад нүүрстөрөгч, хүчилтөрөгч, эсвэл азот гэх мэт элементүүдийг өөртөө агуулдаг. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд байгаа эд зүйлс бүгд л ямар нэгэн элементээс үүсдэг. Жишээлбэл Ус л гэхэд устөрөгч болон нүүрстөрөгч гэсэн 2 элементийн нэгдлээс бүрддэг.   

Эдгээр бодисуудыг (жишээлбэл нүүрстөрөгчийг) жижиглэн хуваасаар байгаад үндсэн бодисынхоо шинж чанарыг хадгалж үлдэж буй жижигхэн хэсгийг  элемент гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нүүрстөрөгч бол элемент, хар тугалга бол элемент түүнчлэн алт ч гэсэн элемент юм. Жишээлбэл хар тугалга элемент нь хар тугалгын шинж чанарыг агуулсан цэвэр хар тугалга гэсэн элемент байна гэсэн үг. 

Одоогоор хүн төрөлхтөн бидний нээгээд байгаа элементүүд нь доорх зурагт үзүүлсэн үелэх системд хүснэгтлэгддэг. 


Элементийн Атом
Эдгээр элементүүдийг үүсгэдэг хамгийн энгийн нэгж нь атом юм. Эдгээр элементүүдийг цааш нь жижиглэн судалж үзвэл та эцэст нь нүүрстөрөгчийн атомыг олж авна. Бүхий л элементүүдийг жижиглэн хуваавал эцэст нь тухайн элемент бүрийн атомыг гаргаж авна. Эдгээр атомууд нь тухайн бодисынхоо шинж чанарыг агуулсаар байдаг. Атомууд нь хэмжээгээрээ маш жижигхэн юм.

Атом болон түүний хэмжээг жишээн дээр тайлбарлая:
Жишээлбэл хүний биеийн уснаас бусад ихэнх хэсэг нь нүүрстөрөгч байдаг (Үнэндээ ихэнх амьд биетэд нүүрстөрөгч маш ихээр агуулагддаг). Маш энгийн жишээ дурдахад бидний үс нүүрстөрөгчөөс бүтдэг. Бидний нэг ширхэг үсийг хөндлөн огтлоох харахад зөвхөн хөндлөн огтлол дагуу ойролцоогоор 1 сая орчим нүүрстөрөгчийн атом байдаг байна. Хэрвээ та үүнийг уншаад өөрийн толгойтой үснээсээ нэг ширхэгийг татаж гаргаад харвал магадгүй та үснийхээ өргөнийг нь харахад хэцүү байна гэдгийг мэдэх болно. Гэтэл энэхүү жижигхэн зүйлд (үсний хөндлөн огтлол дагуу) 1 сая нүүрстөрөгчийн атом байгаа гэсэн үг.

Атом юунаас бүтдэг вэ? Протон Нейтрон Электрон

Энэхүү асар жижигхэн атом нь Протон, Нейтрон, Электрон гэсэн энгийн жижиг хэсгүүдээс бүрддэг. Үнэндээ эдгээр жижиг хэсгүүд нь атомыг чухам ямар элементийн атом болохыг нь тодорхойлдог. Хэрвээ та эдгээр Протон, Нейтрон, Электрон гэсэн бүрэлдэхүүн хэсгүүд хэрхэн бүрэлдсэнээр тодорхойлогддог. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн тоог нь өөрчилвөл тухайн элементийн шинж чанар, хоорондын харилцан үйлчлэл нь мөн өөрчлөгдөхөөс гадна бүр цаашлаад тухайн элемент өөрөө ч өөрчлөгдөх боломжтой.

Протон: Энэ нь атомын цөм дотор байгаа протоны тоог заадаг. Протоны тоо нь элементийг тодорхойлдог.

Химийн үелэх систем дээр байгаа элементийн тэмдэглэгээний дээр орших атомын дугаар нь элемент дотор орших протоны тоог илэрхийлдэг.

Нүүрстөрөгч 6 протонтой.
Устөрөгч 1 протонтой.
Азот 7 протонтой.
Хүчилтөрөгч 8 протонтой гэх мэт. Хэрвээ та нүүрстөрөгчийн атом дээр 1 протон нэмбэл танд нүүрстөрөгч биш азот гэсэн элементийн цөм бий болно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл протоны дугаар нь атомын дугаартай тэнцүү.
Энэхүү атомын дугаар буюу протоны тоо нь элементийн шинж чанарыг тодорхойлдог.
Атомыг бий болгоход ордог өөр 2 бүрэлдэхүүн нь электрон болон нейтрон юм.

Атомыг загварчилж үзвэл атомын цөмд нь протон болон нейтрон оршин байдаг.

                                                C12                        C13                        C14
Дээрх зурагт үзүүлснээр улаан бөмбөлөгүүд нь нүүрстөрөгчийн цөм бөгөөд энд бүгд 6 протонтой байгааг анхаарна уу. Хэрэв 6 гаас ялгаатай тооны протон байвал энэ нь нүүрстөрөгч биш болно гэсэн үг. 

Харин эдгээрт өөр өөр тооны нейтронтой байгааг харж болно. Ингэснээр нейтроных нь тоо нь өөр байгаа учраас нүүрстөрөгчийн шинж чанар нь өөр өөр болно. Мөн түүнчлэн тухайн элементийн электроны тоо бас өөрчлөгдөж болно. Тухайн атомд орж буй нейтрон болон электроны тоо нь өөрчлөгдсөн ч гэсэн тухайн элемент хэвээрээ байх бөгөөд тухайн элементийн өөр нэгэн хувилбар нь үүсч байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн атомыг бүрдүүлж буй нейтрон, электроны тоо өөрчлөгдөхөд тухайн элемент өөр элемент болохгүй. Гэвч хэрэв протоны тоо нь өөрчлөгдөвөл тухайн элемент нь өөр элемент болон хувирдаг. 

Дээр үзүүлсэн атомын цөмийн гадна талаар электрон байдаг. Ингэснээр атом үүснэ. 
Энд нүүрстөрөгч 12 буюу C12 бидний ахлах сургуульд атомын цөмийн гадна талд электро нь эргэлддэг гэж заадаг. Гэвч үнэн хэрэгтээ тийм байдаггүй бөгөөд атомын цөм дотор байгаа протон нь эерэг цэнэгтэй учраас цөмийн гадна талд байгаа электрон нь протон руу татагддаг учраас атомыг цөмийг тойрсон үсэрч байгаа мэт үйлдлийг хийдэг гэж хэлж болно. Эндээс харахад хэрэв атомын цөмд байгаа протоны тоо нь электроныхоо тоотой тэнцүү байвал энэ элемент нь саармаг цэнэгтэй болно. Хэрэв электроных нь тоо нь илүү байвал сөрөг цэнэгтэй, электроных тоо протоноос бага байвал эерэг цэнэгтэй элемент болдог. 

Мөн түүнчлэн өөр элементийн атом нь нүүрстөрөгчтэй урвалд орохдоо нүүрстөрөгчийн электроныг өөртөө татаж авах эсвэл нүүрстөрөгчид электрон өгөх гэх мэтээр хоорондоо урвалд ордог. 

Эх сурвалж: 


Labels:

Thursday, July 30, 2015

Windows Server 2012


Windows Server 2012 Танилцуулга

Өмнө нь дурдаж байсны дагуу энэ удаад Windows Server 2012 үйлдлийн системийн танилцуулгыг оруулж байна. Энэхүү постоороо Windows Server 2012 үйлдлийн систем нь өмнөх хувилбаруудаасаа юугаараа илүү мөн хэрэглэгчдэг ямар ямар шинэ боломжуудыг олгож байгааг тайлбарлана. Мөн Windows server үйлдлийн системийг тайлбарлахад цаг хугацаа, мөн цаас их орох бөгөөд би өөрөө ч сайн мэдэхгүй сурагч учраас зөвхөн өргөн хэрэглэгддэг сервисүүдийг тайлбарлаж байгааг минь ойлгож хүлээн аваарай.

/Жич энд зөвхөн энгийн суурь ойлголтыг өгөх бөгөөд аль болох энгийн хэрэглэгчдэд ойлгомжтойгоор бичих гэж хичээж байгаа болно. Хэрэв ямар нэгэн ойлгомжгүй зүйл гарвал асуугаарай. Мэдэж байвал хариулахдаа таатай байх болно./
Windows 2012 сервер: энэхүү сервер үйлдлийн систем нь товчхондоо Windows Server 2008 үйлдлийн системийн дараагийн загвар болон Microsoft компаниас хөгжүүлсэн сервер үйлдлийн системийн шийдэл юм. Өмнөх загвараас ялгагдах томоохон ялгаа нь хамгийн эхэнд хэрэглэгчтэй харьцах програмын интерфэйс (хэрэглэгчдийн дэлгэцэн дээр харах хэсэг) өөрчлөгдсөн юм. Энэ нь өмнөх хувилбарыг хэрэглээд сурчихсан хэрэглэгчдэд төвөгтэй, толгой эргүүлмээр санагдах хэдий ч 2012 систем нь илүү бат бөх, хүчирхэг болсноос гадна гүйцэтгэх функцүүдийн хувьд илүү сайн болсон юм. 
Виндовс сервер 2012 үйлдлийн системийн хэрэглэгчийн интерфэйс нь бага зэрэг эргэлзээ төрүүлэхээр болсон хэдий ч түүний хайлтын механизм нь маш сайн ажиллагаатай болсон. Хэрэв та яг ямар зүйлд хандах хэрэгтэйгээ мэдэж байвал хайлтын хэсгээр дамжуулан хайснаар маш хурдан тухайн зүйлээ олох, тохируулах боломжтой. 

Байгууллагын хэмжээнд Виндовс 2012 Серверийг суурилуулахын тулд та үндсэн сервер програмын лиценз болон клиент хандах лиценз /CAL - Client Access License/ -гэсэн 2 зүйлд мөнгө төлөх шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн байнга хэрэглэх үед үүнийг төлнө гэсэн үг. Туршилтын байдлаар хэрэглэхэд Microsoft компаниас 180 хоногийн үнэгүй туршиж үзэх эрхийг олгодог бөгөөд энэ хугацаанд үйлдлийн систем маань бүрэн чадлаараа ажилладаг. 

(Манайхны хувьд бол ихэвчлэн лицензийг нь эвдэх буюу хакердаж хэрэглэдэг. Гэхдээ ингэж хакердаж хэрэглэснээр бид системийн дараагийн нөхөөс /patch/, шинэчлэл /update/ зэргийг хийхэд хүндрэл тулгардаг учраас байгууллага дээрээ хэрэглэх гэж байгаа бол лицензийг нь худалдаж ават талаар бодож үзэхийг зөвлөж байна.)
Системийг суулгахад бэлдэх шаардлагатай зүйлс: 
  1. Үйлдлийн системийн image file /iso эсвэл VHD/ (энэхүү линкээс 180 хоногийн триал хувилбарыг нь татаж авч болно. Татаж авахын тулд заавал Microsoft ID үүсгэж log in хийж орохыг шаарддагыг анхаарна уу. )
  2. Техник хангамжийн минимум шаардлага: 
    • RAM - 4GB
    • HDD - 160 GB, Систем партишн хамгийн багадаа 60 GB.
    • 1.4 GHz 64 bit single core CPU эсвэл 1,3 GHz 64 bit multi core CPU. 
Windows server 2012 системийг суулгах эсвэл 2008 хувилбараас 2012 хувилбар луу шилжих үедээ анхаарах ёстой зүйлс: 

  • Хэрэв серверийн зориулалтын бус компьютер (хуучин компьютер, лаптоп гэх мэт) дээр суулгаж байгаа бол системийн драйвер (driver) - ууд нь ихэвчлэн ерөнхий (generic) байдлаар таних бөгөөд ингэснээр зарим компьютер дээр видео картны драйвер нь танихгүй байх магадлалтай. Энэ нь таны компьютерийн нягтрал нь муу байх магадлалтай гэсэн үг. (Гэсэн хэдий ч энэ нь серверийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө байхгүй.)
  • Зөвхөн 64 битийн хувилбар л бий. Хэрэв таны компьютерийн процессор 64 битийг дэмждэггүй (хэтэрхий хуучин) бол Виндовс сервер 2012 суух боломжгүй гэсэн үг. 
    • Таны CPU 64 битийг дэмждэг эсэхийг үзэхийн тулд Start button->Control Panel->Performance Information and Toolsийг сонгох бөгөөд дараа нь  View and print detailsдарж System хэсгээс нь  64-bit capableгэж байгаа эсэхийг нь харна. Хэрэв энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу. 

  • Таны сервер дээр ажиллах ёстой програм 32 битийнх бол эсвэл өмнө нь ашиглаж байсан серверээс виндовс 2012 луу шилжих явцад (жишээлбэл Виндовс сервер 2008 - аас 2012 луу шилжих) таны өмнө нь хэрэглэж байсан програм 32 битийнх бол энэ хувилбар луу шилжүүлэхэд 64 бит дээр 32 битийн emulator ажиллах бөгөөд түүн дээрээ 32 битийн програмуудыг ажиллуулдаг. Тиймээс 32 битийн програмууд бүрэн чадлаараа ажиллахгүй байх эсвэл бүр тэр чигтээ ажиллахгүй байх магадлалтай. 
Виндовс сервер 2012 нь 4 төрлийн хувилбартай: Та виндовс сервер 2012 - ийг суулгах явцдаа энэхүү 4 төрлөөс аль нэгийг нь сонгох шаардлагатай болох бөгөөд тухайн хувилбараасаа шалтгаалаад лицензийн үнэ нь ялгаатай байдаг. Эдгээрийн хамгийн том ялгааг дор товчхон дурдлаа  

  1. Data center - Ерөнхийдөө маш их хэмжээний өгөгдлийг зохицуулахад буюу өгөгдлийн төвүүд (datacenter)-д зориулагдсан. Мөн түүнчлэн Виндовсын виртуалчлал болох Hyper-V-гийн хостыг тоон дээр хязгааргүй хэмжээний виртуалчлалыг хийх боломжтой. 
  2. Standard - Hyper-V виртуалчлал дээр зарим талаар хязгаарлалттай хэдий ч хэрэглэгч үүсгэх, мөн холбогдох төхөөрөмжүүдийн тоог хязгаарладаггүй. Ихэнх байгууллагуудын хэрэгцээнд хангалттай хэмжээний хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл виртуалчлалыг эс тооцвол ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
  3. Essentials - хамгийн ихдээ 25 хэрэглэгч,  төхөөрөмж холбох боломжтой. 
  4. Foundation - хамгийн ихдээ  хэрэглэгч холбох хүчин чадалтай. 
/Бид туршилтандаа Standard хувилбарыг ашиглана./
Сервер програмын хэрэглэгчийн интерфэйс нь core (power shell), GUI (graphic user interface) гэсэн 2 төрөлтэй.
Core (power shell) - нь текстэн горим бөгөөд Линукс, Юниксийн текст горимтой төстэй. Хэрэв яг юуг power shell-ийг ашиглан хийх, ямар коммандаа гарцаагүй сайн мэдэж байгаа expert бол энэ горимоор ажиллах нь арай илүү хурдан, мөн хялбархан байдаг. Харин та текст горимын эксперт биш бол GUI буюу график хэрэглэгчийн горимыг сонгох нь зүйтэй юм. 

GUI - нь хэрэглэгчдэд програмыг дүрсээр үзүүлдэг. Виндовс серверийн график хэрэглэгчийн интерфэйс нь ерөнхийдөө Виндовс 8 үйлдлийн системийн график интерфэйстэй төстэй. 

Виндовс Сервер 2012 үйлдлийн системийн өмнөх загвараасаа ялгарах онцлог давуу талууд: 
  • Self-healing NTFS: Энэ нь хатуу дискэн дээр байгаа файлуудыг тогтмол шалгаж таны файл эвдрээгүй эсэхийг баталгаажуулан шалгадаг. Их хэмжээний өгөгдөлтэй ажиллахад өгөгдөл эвдрэх тохиолдол элбэг байдаг. Өмнөх хувилбаруудад хэрэв өгөгдөл эвдэрсэн бол серверийг сүлжээнээс салгаж оффлайн горимд өгөгдлийн алдааг хайж засах процесс хийгддэг байсан бол одоо илүү хялбар хийгдэх болсон байна. 
  • Илүү хурдан SMB 3.0: Энэ нь мессэж блок протокол бөгөөд үүнийг ашиглан Виндовсын орчинд сүлжээн дээгүүр Copy, Paste, Delete гэсэн үйлдлүүдийг хийдэг. 3.0 хэмээх энэхүү шинэ хувилбар нь анх Виндовс ХР дээр гарч танилцуулагдаж байсан SMB 1.0 хувилбарын хуулах хурднаас 10-30 дахин хурдан болсон. Гэвч энэ SMB 3.0 хувилбар нь зөвхөн Виндовс 2008 болон Виндовс 2012 үйлдлийн системүүд дээр л дэмжигддэг. Виндовс 7 үйлдлийн систем SMB 2.1 хувилбарыг ашигладаг. 
  • Өгөгдлийн давхардлаас зайлсхийх (Data deduplication): Яг ижилхэн 2 болон түүнээс дээш өгөгдлийн сервер дээр өөр өөр хэрэглэгчид хадгалахыг хүсэн үед сервер автоматаар өгөгдал дээр боловсруулалт хийж ижил өгөгдлийг давхардуулан хуулахгүй байх арга юм. Жишээлбэл itunes-ийн сандаа тус бүр 200 дуутай 2 хэрэглэгч байсан бөгөөд тэдний 150 дуу нь хоорондоо яг ижилхэн байсан гэж үзье. Тэгээд тэр 2 сервер лүү itunes library-гаа хуулсан гэвэл сервер яг ижил 150 дууг 2 удаа хуулахын оронд 1 удаа хуулж түүнийг холбох линкийг нь 2 хувилж гаргаж өгдөг. Ингэснээр 2 хэрэглэгчид тухайн өгөгдөл 2 байгаа мэт сэтгэгдэл төрөх хэдий ч үнэн хэрэгтээ сервер дээр ганцхан хуулбарыг л хадгалж байдаг гэсэн үг. 
  • Storage Space Implementation: Энэ нь RAID хадгалалтын тохиргоо шиг аргаар өөрийн сүлжээг өгөгдөл хадгалалтын сүлжээ болгон ашиглах боломжийг олгодог /SAN - Storage Area Network/. Олон хатуу дискийг нэг логик диск болгон хувиргадагтай ижил байдлаар өөр физик сервер дээр байгаа хатуу дискүүдийг ашиглан хадгалалтын төхөөрөмжийн хэмжээг ихэсгэх боломжийг олгодог. Мөн түүнчлэн бусад физик серверүүдийг нөөц байдлаар тохируулах боломжтой болгодог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та 5 физик сервертэй бөгөөд тэдгээр дээрээ Storage Space-ийг тохируулсан мөн Redundancy тохируулсан бол таны серверүүдийн аль нэг нь унасан тохиолдолд та ямар нэгэн өгөгддийн алдагдал хүлээхгүй юм. Магадгүй таны сервер дахин засагдахгүйгээр эвдэрсэн тохиолдолд та ямарч өгөгдлийн алдагдалд ороогүй учир шинэ сервер худалдан аваад суурилуулан redo Storage Space-ийг уншуулснаар өөрийн системийг буцаан хэвийн болгох боломжтой юм. 
  • Hyper-V виртуалчлал дээр олон нэмэлт функцүүд нэмэгдсэн. 
  • Offline Domain Join: Энэ нь оффлайн байгаа үед хостыг домайнд холбох арга юм. Ингэхийн тулд сервер дээр хэрэглэгчийг нэмээд түүнийгээ USB stick ашиглаг офлайн байгаа компьютерт аваачин жижиг програм /routine/ уншуулснаар тухайн оффлайн байгаа компьютерийг домайнд холбодог.

Нэр томьёоны тайлбар: 

Клиент: Сервер компьютерийн системд холбогдон үйлчилгээ хүлээн авч буй хэрэглэгчийн компьютер. 

Service /сервис/: Сервис гэдэг нь Сервер болон клиент дээр ямар нэгэн програмтай хамт автоматаар хамт ажиллаж эхэлдэг эсвэл систем асах үед автоматаар ажилж эхэлдэг програм юм. Энэхүү програм нь үйлдлийн системийн гүйцэтгэх ёстой төрөл бүрийн үйлдлийг дэмжиж ажилладаг. Жишээлбэл: Таны ажлын компьютерт нэр нууц үг олгож түүгээрээ дамжуулан сүлжээнд холбох боломжийг олгож байгаа AD (Active Directory), DC(Domain Controller) зэрэг програмууд нь сервер дээр харгалзах сервисийг ажиллуулснаар таныг холбох боломжоор хангадаг гэсэн үг. 

Virtualization: Виндовс сервер үйлдлийн систем дээр дахин өөр виндовс серверийг виртуалаар ажиллуулах арга. Өөрөөр хэлбэл 1 техник хангамж дээр олон серверийг зэрэг ажиллуулах боломжтой болно. 

Core (power shell): Виндовс сервер үйлдлийн системийн хэрэглэгчтэй холбогдох текстэн интерфэйс 

GUI: График хэрэглэгчийн интерфэйс. 

Эх сурвалж: 

Labels:

Компьютерийн сүлжээг хэрхэн зохион байгуулах вэ?

Өмнөх постонд дурдсанчлан хүн өөрийн биеэр хийж үзсэн зүйлээ л 90 хүртэлх хувиар буюу хамгийн ихээр ойлгож таньж мэддэг гэдэг судалгааны үр дүнтэй би санал нэгтэй байдаг. Учир нь би өөрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд аль болох их зүйл уншихыг илүүд үздэг боловч тэр бүр өөрийн уншсанаа бүрэн утгаар нь ойлгоогүй байдаг юм. 

Мэдээж хүний тухайн зүйлсийн талаар тайлбарлаж бичсэн зүйлийг уншаад тухайн зохиолчийн мэдэрсэн мэдрэмжээр л тухайн зүйлийг ойлгох байх. Тийм ч учраас хэрэв би өөрсдөө хийж түүнийгээ бусдад тайлбарлаж өгвөл илүү ихээр ойлгож ухаарна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн постоор мэдээллийн технологийг сонирхдог, энэ чиглэлээр туршилт хийж үзэх сонирхолтой хэсэг хүмүүст зориулан сүлжээг хэрхэн зохион байгуулах талаар постыг оруулж байна. Дараа дараагийн постоор энд бичигдсэн зүйлсүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэн /Виндовс Сервер 2012/ - өөрийн гэсэн сүлжээг зохион байгуулж, тохируулалтыг хийх юм. 
Сүлжээ, систем түүний ажиллагааны талаар сонирхож байгаа бол эдгээр постуудаас өөртөө хэрэгтэй мэдээллийн бага ч гэсэн хэсгийг олж авна гэдэгт тань итгэлтэй байна. 

Тусгай сүлжээг үүсгэх нь МТ-ийн чиглэлээр сертификат авах гэж байгаа, хүмүүст эсвэл жижиг хэмжээний компьютерийн сүлжээ зохион байгуулах шаардлагатай байгаа хүмүүст хэрэгтэй юм. Ингэж өөрийн гэсэн сүлжээг байгуулахын хамгийн гол давуу тал нь өөрийн сүлжээг бусад сүлжээнээс тусгаарлах юм. 

Сүлжээ зохион байгуулахад хэрэг болох зүйлс: 
  1. Рүтэр - router
  2. Свитч - switch 
  3. Сервер - Server /энгийн компьютер эсвэл виртуалаар үүсгэсэн машин байх боломжтой/
  4. Клиент /хост/- Client or host /энгийн компьютер эсвэл виртуалаар үүсгэсэн машин байх боломжтой/
  5. Интернэт холболт. 
Ийнхүү холболтыг үүсгэн өөрийн сүлжээг зохион байгуулснаар бид гэрийнхээ, эсвэл сургуулийнхаа эсвэл ажлынхаа сүлжээг өөрийн зохион байгуулсан сүлжээнээс тусгаарлаж байна гэсэн үг юм. Энэ нь бидэнд бусад системийн тохиргооноос хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ систем болон сүлжээг тохируулж, түүнийгээ хэрхэн ажиллаж байгааг ажиглах боломжтой болох юм. Ингэснээр бусад сүлжээнд байгаа компьютерүүд таны сүлжээнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй эсвэл таны сүлжээ бусад сүлжээнд нөлөө үзүүлэн хэвийн ажиллагааг нь алдагдуулахгүй юм. Ийм байдлаар бодит хэрэглэгдэж байгаа сүлжээг унагах аюулгүйгээр туршилт хийх боломжтой болох юм. Миний хувьд эхний ээлжинд Виндовс серверийн орчинд тохиргоог хийх талаар авч үзнэ. /Сүлжээний төхөөрөмжийн тохиргооны талаар энэ цуврал постонд дурдахгүй. Жич: Виндовс серверийн орчинд сүлжээ зохион байгуулахдаа DNS, DHCP сервисүүдийг виндовс серверээс тохируулах нь зүйтэй бөгөөд хэрэв таны сүлжээний төхөөрөмж (Switch, Router) дээр энэхүү тохиргоо хийгдсэн байвал Виндовс сервер түүнийг автоматаар унтраах эсвэл системийн DNS, DHCP сервисүүд  давхардаж ажилласны улмаас буруу ажиллах эсвэл аль аль нь ажиллахгүй болох магадлалтай./

За ингээд бидний тохируулах гэж буй сүлжээний ерөнхий топологи /диаграм/-ийг харцгаая. 
Энэхүү зурган дээр үзүүлсний дагуу - Манайд интернэт өгч байгаа ISP компани нь юнивишн компани түүнээс ирэх рүтэр-ээс гэрийн свитч холбогдож байна. 
Гэрийн интернэтийн хэрэгцээнд холбоотой байгаа свитчээс манай гэрийн компьютерүүд болон ухаалаг утас холбоотой байна. 
Харин миний зохион байгуулах гэж буй сүлжээндээ би жижигхэн гэрийн хэрэгцээний рүтэр - ийг агинлах бөгөөд түүнээсээ туршилтын сервер, компьютерүүдээ холбох юм. 

Дээрх зурагт улаанаар үзүүлсэн тоог IP хаяг гэж нэрлэдэг бөгөөд энэ нь интернэт сүлжээнд төхөөрөмжийг хаягладаг арга юм. Яагаад улаанаат тэмдэглэсэн бэ гэвэл энэ нь энэхүү хаяглалтыг ашиглан 2 сүлжээг тусгаарладаг учраас тухайн рүтэрийн гадаад болон дотоод хаягууд нь хоорондоо адилхан сүлжээнийх байж болохгүй юм. 

Нэр томьёоны тайлбар: 

Сүлжээний суурь мэдлэг болох төхөөрөмжүүд болон хаяглалтын талаарх нэр томьёог энд дурдах нь хэтэрхий цаг авсан нуршуу болох учраас энд хэрэглэгдсэн нэр томьёоны тайлбаруудыг л дор орууллаа. Гэсэн хэдий ч хэрэв та сүлжээний болон системийн талаар мэдлэгтэй болохыг хүсч байвал дээрх зүйлс ямар учиртай болохыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай учраас миний дор өгөх унших материалуудаас дэлгэрүүлэн уншихыг зөвлөж байна. 
IP address (IP хаяг): Интернэт протоколыг ашиглан сүлжээнд холбогдож буй бүх төхөөрөмжүүдийг хаягладаг тоон хаяглалт юм. IP хаяглалт тухайн төхөөрөмж хаана байгааг заадаг бөгөөд сүлжээний төхөөрөмжүүд түүнд хэрхэн хүрэхийг мэдэж байдаг учраас бидний төхөөрөмжүүд хоорондоо холбогддог. Өөрөөр хэлбэл энэхүү хаягийг ашиглан бид интернэтэд байгаа төхөөрөмжийг олох түүнтэй холбогдох боломжтой гэсэн үг. IPv4 мөн IPv6 гэсэн 2 хувилбартай бөгөөд IPv4 нь өнөөгийн бидний өргөн хэрэглэж буй 32 битийн урттай хаяглалт юм. Харин IPv6 нь 128 битийн урттай. Энэ 2 хаяглалтын гол ялгаа нь хэр олон төхөөрөмжийг хаяглах чадвартай вэ гэдгээрээ ялгагдана. 

DNS (Домэйн нэрийн систем): Домэйн нэрийн систем нь интернэтэд холбогдсон байгаа компьютер, сервис зэрэгт зориулсан нэрийн шаталсан түгээлтийн систем юм. Ихэвчлэн хүн амархан санах боломжтой домэйний нэрийг тоон IP хаяг руу хөрвүүлдэг. 


DHCP (Динамик хост тохируулах протокол): IP хаяг гэх мэт сүлжээний тохиргооны параметрүүдийг динамик хэлбэрээр тараах зориулалттай. 

Хэтэрхий нуршуу пост болчих шиг боллоо. Хэрэв ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байвал эсвэл миний бие ямар нэгэн зүйлийг буруу бичсэн байвал коммент үлдээгээрэй 

Ашигласан материал: 

Labels:

Эхлэл

Хүмүүс бид харсан, үзсэн, сонссон зүйлсийнхээ талаар маш бага зүйлсийг яг жинхэнэ утгаар нь ойлгож мэддэг билээ. 


Миний хувьд шинэ зүйлсийг сурах сонирхолтой хэдий ч тухайн сурсан зүйлээ эргэн санах амьдралд хэрэгцээтэй зүйл болгож байгаа нь маш бага байгаа юм.  Тийм ч учраас өөрийн сурах гэж хичээж буй зүйлсээ өөрийн блогоор дамжуулан сонирхол нэгтэй хүмүүсд хүргэх тэдэнтэй санал бодлоо солилцох хүсэл эрмэлзэлтэйгээр өөрийн блогийг эхлүүлж байна.